50 дугаар зүйл. Хөлөг онгоцыг даацын тэмдэглэгээний үзлэг, шалгалт
50.1.Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний гэрчилгээг шинэчлэх үзлэгийг таван жилээс илүүгүй хугацаанд хийж, хөлөг онгоцны ерөнхий байгууламж, материалын орц болон хэмжээс нь шаардлага хангаж байгаа эсэхийг тогтооно.
50.2.Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний жил бүрийн үзлэгийг дараах зорилгоор хийнэ:
50.2.1.их бие болон давхарлагад даацын тэмдэглэгээний байршлын тооцоонд өөрчлөлт орохуйц өөрчлөлт хийгдсэн эсэх;
50.2.2.хөлөг онгоц дээр байгаа бүх хаалга, тавцангийн хамгаалалт, ус зайлуулах суваг, багийн гишүүдийн байр, жолоодлогын кабинд нэвтрэх хаалга зэрэг нь зөв суурилагдсан, засварлагдсан, шаардлага хангасан эсэх;
50.2.3.усны мандлаас дээших хашлаганы тэмдэглэгээ үнэн зөв тэмдэглэгдсэн эсэх;
50.2.4.хөлөг онгоцонд хийсэн засвар, өөрчлөлт, шинэчлэлт, гаднах хэлбэр, загварын өөрчлөлт нь шаардлага хангаж байгаа тухай мэдээллээр хангагдсан эсэх.
50.3.Хөлөг онгоцонд үзлэг, шалгалт бүрэн хийгдсэний дараа үзлэг, шалгалтад хамрагдсан байгууламж, бүтэц, бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, материалын орц болон хэмжээст Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт хийхийг хориглоно.