13 дугаар зүйл. Үнэлгээний хараат бус байдал
13.1.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь захиалагч, үйлчлүүлэгч, гуравдагч этгээдээс ажил төрөл, хувийн харилцаа холбооны хувьд хараат бус байна.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хараат бус байдлыг хангахын тулд үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдэд дараах зүйлийг хориглоно:
13.2.1.үнэлгээчин нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.8, 3.1.9-д заасан хандив, бэлгийг үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдээс авахыг;
13.2.2.үйлчилгээний үнэ хөлсийг үнэлгээний зүйлийн үнийн дүнгээс шалтгаалан өөрчлөх, эсхүл тодорхой хувиар тогтоохыг;
13.2.3.үйлчлүүлэгчтэй Компанийн тухай хуулийн 99.1-д заасан нэгдмэл сонирхолтой этгээд байхыг;
13.2.4.үйлчлүүлэгчид аудитын үйлчилгээ үзүүлсэн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30.а-д заасан холбогдох этгээд байхыг;
13.2.5.хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байгуулахаас өмнөх 24 сарын хугацаанд үйлчлүүлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн тав ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байхыг;
13.2.6.үйлчлүүлэгч, захиалагч нь үнэлгээний хуулийн этгээдийн тухайн жилийн санхүүгийн тайланд аудитын үйлчилгээ үзүүлэхийг.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан хараат бус байх нөхцөл, шаардлагыг зөрчсөн гэж үзвэл захиалагч, үйлчлүүлэгч болон гуравдагч этгээд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад хандан гомдол гаргах эрхтэй.
ҮНЭЛГЭЭЧНИЙ ЭРХ БОЛОН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ