15 дугаар зүйл. Үнэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
15.1.Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага энэ хуулийн 14.1-д заасны дагуу шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно.
15.2.Үнэлгээчний эрх эзэмшигчид гэрчилгээ, тэмдэг олгох бөгөөд уг гэрчилгээ, тэмдгийн загварыг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага батална.
15.3.Үнэлгээчин үнэлгээчний эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах өргөдөл гаргах эрхтэй.
15.4.Үнэлгээчний эрхийн хугацаа сунгуулах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
15.4.1."Хөрөнгийн үнэлгээчин" гэрчилгээний хуулбар;
15.4.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
15.5.Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага үнэлгээчний эрхийг гурван жилийн хугацаагаар нэг удаа сунгана.
15.6.Үнэлгээчний эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ:
15.6.1.үнэлгээчин энэ хуулийн 12.1.3, 12.1.4, 12.1.7, 13.2-т заасан үүрэг, шаардлагыг биелүүлээгүй бол үнэлгээчний эрхийг зургаан сараар;
15.6.2.энэ хуулийн 15.6.1-д заасан үнэлгээчний эрхийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд үнэлгээчний эрхийг сэргээнэ.
15.7.Дараах тохиолдолд үнэлгээчний эрхийг хүчингүй болгоно:
15.7.1.үнэлгээчин хүсэлт гаргасан;
15.7.2.түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, үнэлгээчний эрхийг сэргээлгэх тухай хүсэлт ирүүлээгүй;
15.7.3.үнэлгээчний эрхийг сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;
15.7.4.энэ хуулийн 15.6.1-д заасан зөрчлийг давтан гаргасан;
15.7.5.иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон;
15.7.6.үнэлгээчин гэмт хэрэг үйлдсэн тухай шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.
15.8.Хөрөнгийн үнэлгээчний эрхийг сунгаснаас хойш энэ хуулийн 12.1-д заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд үнэлгээчинд хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг хугацаагүй олгоно.
15.9.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагаас үнэлгээчний эрх авсан Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнд үнэлгээчний эрх олгох шаардлагыг энэ хуулийн 14.1-д заасан журмаар зохицуулна.
15.10.Энэ хуулийн 15.6.1-д зааснаас бусад тохиолдолд үнэлгээчинд үнэлгээчний ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.