16 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, түүнд тавигдах нөхцөл, шаардлага
16.1.Үнэлгээний хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхэлнэ.
16.2.Үнэлгээний хуулийн этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
16.2.1.хоёроос доошгүй үндсэн орон тооны үнэлгээчинтэй байх бөгөөд гүйцэтгэх захирал нь үнэлгээчний хугацаагүй эрх авсан байх;
16.2.2.үйл ажиллагаа явуулах ажлын байр, техник хэрэгслээр хангагдсан байх;
16.2.3.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг байх;
16.2.4.мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;
16.2.5.үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, журам, аргачлалд нийцсэн журамтай байх;
16.2.6.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын иргэн, хуулийн этгээд бол нийт хувьцааны гуравны нэгээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн үнэлгээчин эзэмшдэг байх;
16.2.7.үнэлгээний хуулийн этгээдийн нийт хувьцааны гуравны хоёроос доошгүй хувийг энэ хуулийн 3.1.11-д заасан эрх авсан иргэн эзэмшдэг байх;
16.2.8.жилд нэгээс доошгүй удаа үнэлгээний нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан байх;
16.2.9.үнэлгээний хуулийн этгээд тухайн жилд хийсэн үнэлгээний ажлын жагсаалт, оролцсон үнэлгээчин, шинжээч, туслахын нэрийг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад цахимаар хүргүүлнэ.
16.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрчилгээ олгох бөгөөд уг гэрчилгээний загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.4.Үнэлгээний хуулийн этгээд салбартай байж болох бөгөөд салбарт үндсэн орон тооны нэгээс доошгүй үнэлгээчинтэй байна. Салбарын гүйцэтгэх захиралд энэ хуулийн 8.4 дэх хэсэг хамаарахгүй.