17 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

17.1.Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 16.2-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

17.1.1.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

17.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

17.1.3.үнэлгээний хуулийн этгээдийн дүрэм;

17.1.4.энэ хуулийн 16.2.5-д заасан журам;

17.1.5.үнэлгээчний дэлгэрэнгүй анкет;

17.1.6.хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаас авсан үнэлгээчний ёс зүйн талаарх тодорхойлолт;

17.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.1.8.мэдээллийн технологи, аюулгүй байдлын дотоод журам.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан баримт бичиг нь шаардлага хангасан гэж үзвэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгоно.

17.3.Тусгай зөвшөөрөл авсан үнэлгээний хуулийн этгээд "Үнэлгээ" гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглэнэ.

17.4.Үнэлгээний хуулийн этгээдийн үндсэн орон тооны үнэлгээчин бусад үнэлгээний хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахыг хориглоно.

17.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой энэ хуулийн 17.1-д заасан баримт бичгийг тусгай зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.