24 дугаар зүйл. Мэргэжлийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт
24.1.Мэргэжлийн байгууллага нь нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд түүний удирдлага, зохион байгуулалтыг энэ хуулиар тогтооно.
24.2.Мэргэжлийн байгууллагын эрх барих дээд байгууллага нь Их хурал байна.
24.3.Их хурал Мэргэжлийн байгууллагын гишүүдийн төлөөллөөс бүрдэх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.3.1.Мэргэжлийн байгууллагын дүрэм, үнэлгээчний ёс зүйн дүрэм, гишүүнчлэлийн журмыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
24.3.2.үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх;
24.3.3.удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх;
24.3.4.гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоох;
24.3.5.хууль тогтоомжид заасан бусад.
24.4.Их хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг дөрвөн жилд нэг удаа хуралдуулна.
24.5.Их хурлаас 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр удирдах зөвлөлийг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл болох гурваас доошгүй үнэлгээчин байна.
24.6.Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.6.1.ээлжит болон ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах;
24.6.2.үйл ажиллагааны бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
24.6.3.жилийн төсвийг баталж, санхүүгийн тайланг хэлэлцэх;
24.6.4.удирдах зөвлөлөөс тэргүүнийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
24.6.5.гүйцэтгэх захирлыг тэргүүний санал болгосноор томилох, чөлөөлөх, гэрээ байгуулах эрх олгох;
24.6.6.гүйцэтгэх захирлын цалин, урамшууллын хэмжээ, ажлын албаны бүтэц, орон тоог батлах;
24.6.7.салбар хороо, холбоодыг байгуулах, нэгтгэх, татан буулгах, гишүүнээр элсүүлэх, хасах, тэдгээрийн үйл ажиллагааны журмыг батлах;
24.6.8.Мэргэжлийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг батлах.
24.7.Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
24.8.Мэргэжлийн байгууллага өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах ажлын албатай байх бөгөөд гүйцэтгэх захирал ажлын албаны үйл ажиллагааг удирдлагаар хангана.
24.9.Мэргэжлийн байгууллагын гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.9.1.ажлын албаны орон тоо, төсөв, гүйцэтгэл, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах;
24.9.2.ажлын албаны орон тооны ажилтныг томилох, чөлөөлөх;
24.9.3.Ёс зүйн зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх;
24.9.4.Мэргэжлийн байгууллагыг төлөөлөх, гадаад, дотоодын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах;
24.9.5.хууль тогтоомжид заасан бусад.
БУСАД ЗҮЙЛ