3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."гажилт" гэж тухайн үнэлгээний зүйлийн онцлог болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээнд ашиглаж байгаа журам, аргачлал, заавар нь үнэлгээний олон улсын стандартын зарим шаардлагаас өөр байх нөхцөл байдлыг;
3.1.2."гуравдагч этгээд" гэж тодорхой шийдвэр гаргахад үнэлгээний тайланг, эсхүл тайланд тусгасан болон түүний үндсэн дээр тодорхойлсон үнэ цэнийг ашиглаж байгаа, эсхүл үнэлгээний тайланд тусгасан үнэ цэнэ нь тухайн этгээдийн өмчлөх эрхэд аливаа хэлбэрээр нөлөөлж байгаа этгээдийг;
3.1.3."захиалагч" гэж энэ хууль болон гэрээнд заасан тохиолдолд өөрийн болон бусдын өмнөөс хөрөнгө үнэлүүлэх захиалга өгсөн этгээдийг;
3.1.4."үйлчлүүлэгч" гэж хууль тогтоомжид заасны дагуу, эсхүл захиалагчийн санаачилгаар өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийг үнэлүүлж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг;
3.1.5."үнэ цэнэ" гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд үнэлгээний зүйл дэх хувь оролцоонд тохирох эдийн засгийн үр ашгийн тооцооллын боломжит мөнгөн илэрхийллийг;
3.1.6."үнэ цэнийн суурь" гэж үнэлгээний зорилго, зориулалтад нийцүүлэн сонгож, үнэ цэнийг тооцоолон гаргахад ашиглах урьдчилсан нөхцөлийг;
3.1.7."үнэлгээний олон улсын стандарт" гэж Үнэлгээний олон улсын стандартын хорооноос баталсан стандартыг;
3.1.8."үнэлгээний өдөр" гэж хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон өдрийг;
3.1.9."үнэлгээний тайлан" гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг;
3.1.10."үнэлгээний хуулийн этгээд" гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг;
3.1.11."үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг;
3.1.12."үнэлгээчний нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа" гэж үнэлгээчний хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн зорилтот бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө үзүүлж байгаа үнэлгээний үйлчилгээ, иргэний боловсролыг дэмжих зорилготой үйл ажиллагааг;
3.1.13."хөрөнгийн үнэлгээний зүйл" гэж үнэлэгдэж байгаа эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, эд хөрөнгийн эрх, бизнесийн үйл ажиллагаа, шаардах эрх, өр төлбөр болон иргэний эрх зүйн харилцааны бусад зүйлийг;
3.1.14."хөрөнгийн үнэлгээ хийх" гэж тодорхой зорилгод нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтоох хараат бус үйл ажиллагааг.
3.1.15.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ