4 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчим
4.1.Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1.хараат бус байх;
4.1.2.нууцыг хадгалах;
4.1.3.шударга байх;
4.1.4.бодитой байх;
4.1.5.хууль тогтоомж, стандартад нийцсэн байх.
4.2.Хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандартын дагуу бэлтгэл ажлыг хангасан байна.
4.3.Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ хийх явцад олж авсан үйлчлүүлэгч болон захиалагчийн нууцад хамаарах мэдээллийг бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр зөвшөөрөл олгоогүй тохиолдолд бусдад задруулах, өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахыг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.4.Хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно.
4.5.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартыг үнэлгээний олон улсын стандартын зарчим болон энэ хуульд нийцүүлэн батална.