7 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлал
7.1.Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө.
7.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаар, эсхүл доор дурдсан төрийн байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг батална:
7.2.1.санхүүгийн тайлагналын зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
7.2.2.дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
7.2.3.барьцааны зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг Монголбанк, эсхүл Санхүүгийн зохицуулах хороотой хамтран;
7.2.4.үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, нөхөх олговрын үнэлгээний журам, аргачлалыг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;
7.2.5.хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
7.2.6.биет бус хөрөнгө болон оюуны өмчийн үнэлгээний журам, аргачлалыг соёлын болон оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.2.7.“соёлын биет өвийн үнэлгээний журам, аргачлалыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, эрдэнэсийн үнэлгээний журам, аргачлалыг Монголбанк болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тус тус хамтран; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.2.8.санхүүгийн хэрэгслийн журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
7.2.9.бизнесийн үнэлгээний журам, аргачлалыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран;
7.2.10.татварын зорилгоор хөрөнгийн үнэлгээний журам, загварын аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
7.2.11.баталгаажсан үүлдэр, омгийн болон гойд ашиг шимт үржлийн мал, амьтны үнэлгээний журам, аргачлалыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;
7.2.12.ашигт малтмал болон газрын тосны орд, байгалийн хийн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;
7.2.13.байгалийн бусад баялгийн эдийн засгийн үнэлгээний журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;
7.2.14.төсөвт байгууллагын санхүүгийн тайлагналын зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.
7.2.15.мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээд, бүтээгдэхүүн, үйлчилгээнд үнэлгээ хийх журам, аргачлалыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./