8 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний тайлан
8.1.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна.
8.2.Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна:
8.2.1.хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх;
8.2.2.хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх;
8.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх.
8.3.Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана:
8.3.1.үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн нэр, хөрөнгийн үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа,мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл;
8.3.2.захиалагч болон үйлчлүүлэгчийн нэр, хаяг болон шаардлагатай бусад мэдээлэл;
8.3.3.гуравдагч этгээдийн талаарх мэдээлэл;
8.3.4.хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт;
8.3.5.үнэлгээний өдөр болон тайлан бэлтгэсэн он, сар, өдөр;
8.3.6.хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт;
8.3.7.хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл;
8.3.8.хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл;
8.3.9.хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл;
8.3.10.хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал;
8.3.11.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ;
8.3.12.хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл.
8.4.Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна.