6.1 дугаар зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
1.Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
1.1.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
1.2.хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл буруу гаргасан;
1.3.зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон.
2.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1-д заасан үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана.
3.Энэ зүйлийн 2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
4.Эрх бүхий этгээд зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ажлын хоёр өдрийн дотор бичгээр, эсхүл энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 10-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1-д заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зөвшөөрлийг сэргээнэ.