9.1 дугаар зүйл. Зөвшөөрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээд, түүний чиг үүрэг
1.Эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, энэ хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
2.Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гүйцэтгэнэ.
3.Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрдэх бөгөөд Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлнэ.
4.Зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх, тэдгээрийн ажиллах журмыг Засгийн газар батална.
5.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.эрх бүхий этгээдийг арга зүйн удирдлагаар хангах;
5.2.зөвшөөрөл олгож байгаа байдал, түүний үр нөлөөний талаар хяналт шинжилгээ, үнэлгээг хийх, санал, дүгнэлт гаргах;
5.3.энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал, дүгнэлт гаргах;
5.4.эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
5.5.зөвшөөрлийн хууль тогтоомж зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах.
6.Энэ хуулийн хэрэгжилт болон зөвшөөрөл шинээр бий болгох, олгох үйл ажиллагаанд холбогдох санал, зөвлөмжийг гаргуулах зорилгоор тусгай мэдлэг, мэргэшил шаардагдах асуудлаар туслалцаа үзүүлэх шинжээч, мэргэжилтнийг татан оролцуулж болно.