10 дугаар зүйл. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдлага, зохион байгуулалт

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдлага, зохион байгуулалт

10.1.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.

10.2.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага ажлын алба, салбараас бүрдэнэ.

10.3.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах болон судалгааны нэгжтэй байж болно.

10.4.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын ажлын алба /цаашид "ажлын алба" гэх/ хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

10.5.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын салбар /цаашид "салбар" гэх/ энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль зүйн туслалцааг үзүүлнэ.

10.6.Салбарт улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн туслах ажиллах бөгөөд салбарыг улсын ахлах өмгөөлөгч удирдана.

10.7.Улсын өмгөөлөгч нь ажил үүргийн болон хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны зарчмаар зохион байгуулагдан ажиллана.

10.8.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

10.9.Салбар нь албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

10.10.Улсын өмгөөлөгч хувийн тэмдэг болон салбарын албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

10.11.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг уялдуулан зохицуулах зорилгоор хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, прокурор болон цагдаагийн байгууллага, Монголын Нотариатчдын Танхим, Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан орон тооны бус зөвлөлтэй байж болно.

10.12.Энэ хуулийн 10.11-д заасан орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.13.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагаа ил тод байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.