12 дугаар зүйл. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал, түүний бүрэн эрх
12.1.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал энэ хууль болон хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрмээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
12.2.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.2.1.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрмийг боловсронгуй болгох санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
12.2.2.тухайн нутаг дэвсгэр дэх хүн амын тоо, гэмт хэргийн гаралт, төлбөрийн чадваргүй, хууль зүйн туслалцаа авах шаардлагатай хүний эзлэх хувь, улсын өмгөөлөгчийн ажлын ачаалал зэргийг харгалзан салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн орон тоог тогтоох, салбар байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах зэрэг асуудлаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
12.2.3.ажлын алба, салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгөх;
12.2.4.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, сайжруулахтай холбоотой арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
12.2.5.улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн туслах, ажлын алба, нэгжийн удирдах, гүйцэтгэх болон туслах албан тушаалтныг томилох, чөлөөлөх;
12.2.6.өмгөөллийн үйлчилгээний хувийн хэрэг бүрдүүлэх, тайлагнах журам, өмгөөллийн үйлчилгээний тайлангийн загварыг батлах;
12.2.7.улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэрийг хянах, энэ талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
12.2.8.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дотоод дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих;
12.2.9.улсын өмгөөлөгчийн цалин хөлс, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний талаар санал боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлэх;
12.2.10.хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой гэрээ байгуулах;
12.2.11.улсын өмгөөлөгчийн тухайн нутаг дэвсгэрт нүүдэллэн ажиллах хуваарь, удирдамжийг салбарын саналыг үндэслэн батлах;
12.2.12.энэ хуулийн 12.2.5-д заасан ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, олгох урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээг хууль тогтоомжид заасны дагуу тогтоох;
12.2.13.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;
12.2.14.хуульд заасан бусад.