20 дугаар зүйл. Хувийн өмгөөлөгчийг оролцуулах нөхцөл
20.1.Доор дурдсан нөхцөл байдал үүссэн бөгөөд улсын өмгөөлөгч хүрэлцээгүй үед хувийн өмгөөлөгчийг ажиллуулж болно:
20.1.1.Өмгөөллийн тухай хуулийн 15.2-т заасан үндэслэлээр улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх боломжгүй бол;
20.1.2.нэг хэрэгт харилцан эсрэг сонирхолтой хоёр ба түүнээс дээш үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа хүсэх өргөдөл гаргасан бол;
20.1.3.үйлчлүүлэгч нь холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын өмгөөлөгчөөс татгалзсан бол.
20.2.Тухайн нутаг дэвсгэрт салбар байгуулагдаагүй, эсхүл улсын өмгөөлөгчийн ажлын дундаж ачаалал хоёр дахин болон түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн тохиолдолд хувийн өмгөөлөгчтэй гэрээ байгуулан ажиллуулж болно.
20.3.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх өмгөөлөгчдөөс сонгон, гэрээ байгуулсны үндсэн дээр хувийн өмгөөлөгчийг ажиллуулна.
20.4.Энэ хуулийн 20.3-т заасан өмгөөлөгч байхгүй бол тухайн орон нутгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн гишүүн өмгөөлөгчдөөс, эсхүл нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр хувийн өмгөөлөгчийг сонгоно.
20.5.Өмгөөллийн тухай хуулийн 29.1-д заасан өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хувийн өмгөөлөгчийн энэ хуулийн 20.3-т заасан хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагаатай уялдуулан зохицуулна.
20.6.Энэ хуулийн 20.4-т заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсний жишгийг улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгийг харгалзан хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.