6 дугаар зүйл. Хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах хүн
6.1.Доор дурдсан хүн /цаашид "үйлчлүүлэгч" гэх/-д энэ хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ:
6.1.1.Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэг /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, Арван дөрөвдүгээр бүлгийн 14.1 дүгээр зүйл /Ялгаварлан гадуурхах/, Арван зургадугаар бүлэг /Хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн 18 насанд хүрээгүй хохирогч, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргасан;
6.1.2.Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/-д заасан гэмт хэргийн хохирогч төлбөрийн чадваргүй, эсхүл хохирогч нь 18 насанд хүрээгүй бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргасан;
6.1.3.төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан;
6.1.4.хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй бол;
6.1.5.үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй бол;
6.1.6.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.4-т заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд. /Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Доор дурдсан хүүхдэд түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгчийн хүсэлтээр өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлж болно:
6.2.1.гэмт хэргийн гэрч хүүхэд;
6.2.2.Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/, 6.20 дугаар зүйл /Хүүхдийн эрхийг зөрчих/-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн хүүхэд.
6.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид хүсэлтийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлж болно.
6.4.Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх энэ хуулийн 6.1.4, 6.1.5-д заасан хэрэг, маргаанд хууль зүйн туслалцаа авч болно.
6.5.Энэ хуулийн 6.4-т заасан хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх журмыг хууль зүй, санхүү, төсвийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
6.6.Төлбөрийн чадваргүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлж болно.
6.7.Төлбөрийн чадваргүй гадаадын иргэн, харьяалалгүй хүний төлбөрийн чадваргүй байдлыг тогтоох, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх журмыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
6.8.Энэ хуулийн 5.2.1-д заасан хууль зүйн зөвлөгөөг хүний төлбөрийн чадваргүй эсэхээс үл хамааран, энэ хуулийн 5.2.2-т заасан хууль зүйн зөвлөгөөг төлбөрийн чадваргүй хүнд үнэ төлбөргүй үзүүлж болно.