7 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдлыг тодорхойлох
7.1.Төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчийг дараах байдлаар тодорхойлно:
7.1.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;
7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болох нь тухайн иргэний өргөдөл болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, бусад нотлох баримтаар тогтоогдсон иргэн.
7.2.Хууль зүйн туслалцаа хүсэх өргөдлийн загварыг хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал батална.
7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан үйлчлүүлэгч төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
7.4.Төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв мэдүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар үйлчлүүлэгчид урьдчилан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.5.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдал, эсхүл энэ хуульд заасан хууль зүйн туслалцаа авах хүнд хамаарах өргөдлийн мэдээллийг шалгах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.5-д заасан улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг хуульд заасны дагуу ашиглах, шаардлагатай тохиолдолд хүн, хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, лавлагаа авах эрхтэй.
7.6.Энэ хуулийн 7.5-д заасан мэдээлэл, лавлагааг холбогдох хүн, хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтан үнэн зөв, үнэ төлбөргүй, ажлын гурван өдрийн дотор гаргаж өгөх үүрэгтэй.
7.7.Хүн, хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 7.6-д заасан мэдээлэл, лавлагааг үнэн зөв гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бол хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
7.8.Үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай болох нь нотлогдвол улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, хувийг үйлчлүүлэгчид өгнө. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.9.Энэ хуулийн 7.8-д заасан хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргахтай холбогдох харилцааг хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрмээр зохицуулна.