4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."үйлдвэрлэл, технологийн парк" /цаашид "парк" гэх/ гэж үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх тусгайлсан нутаг дэвсгэр, бизнесийн таатай орчин, дэд бүтцийн хангамж бүхий, тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан үйлдвэрлэл, технологийн цогцолборыг;

4.1.2."паркийн удирдлага" гэж паркийн үйл ажиллагааг зохион байгуулах, хөгжүүлэх чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг;

4.1.3."паркийн нэгж" гэж паркийн удирдлагатай байгуулсан гэрээний үндсэн дээр паркийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд, бизнес инкубатор, сургалт, судалгаа хөгжлийн байгууллагыг;

4.1.4."судалгаа хөгжлийн байгууллага" гэж паркт шинжлэх ухаан, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх, дэвшилтэт техник, технологийг дамжуулах, нутагшуулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх үүрэг бүхий байгууллагыг;

4.1.5."паркийн дэд бүтэц" гэж паркийн нутаг дэвсгэрт эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам бүхий цогцолборыг;

4.1.6."паркийн хөгжлийн төлөвлөгөө" гэж нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшин болон зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, кластерын зарчимд суурилсан хөгжлийн баримт бичгийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.