17 дугаар зүйл. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын чиг үүрэг
17.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.1.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах; /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.2.албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;
17.1.3.эрхэлсэн асуудлын хүрээнд өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх, шаардлагатай бол өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах;
17.1.4.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, Засгийн газарт танилцуулах; /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
17.1.5.байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, зохицуулах; /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.6.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах асуудлаар санал гаргах;
17.1.7.энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх дүнг Ерөнхий сайд, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах; /Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.8.албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн болон бусад зөрчил дутагдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ талаар санал, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг шаардах;
17.1.9.хяналт шалгалтын дүнг үндэслэн холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
17.1.10.хяналт шалгалтын дүн, тайлан, судалгаа болон өөрийн үйл ажиллагаанд хамаарах хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээллийг олон нийт танилцах боломжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлж байх;
17.1.11.байгууллага, албан тушаалтны дотоод хяналтын нэгж, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
17.1.12.байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих;
17.1.13.хуульд заасан бусад чиг үүрэг.