11 дугаар зүйл. Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох

11.1.Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан зөвлөл нь тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон эрдэмтдийн төлөөлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээд болон шүүх шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.

11.3.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигчид гэрчилгээ, шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэг, дүгнэлтийн маягт олгоно.

11.4.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах Монгол Улсын иргэн дараах шаардлагыг хангасан байна:

11.4.1.мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

11.4.2.шүүх шинжилгээний сургалтад хамрагдсан байх;

11.4.3.мэргэжил, мэргэшлийн зэрэг, цолтой байх;

11.4.4.сэтгэц, зан үйлийн эмгэггүй байх;

11.4.5.ял шийтгэлгүй байх;

11.4.6.тусгай мэдлэг эзэмшсэнийг гэрчлэх мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх.

11.5.Дараах тохиолдолд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр түдгэлзүүлнэ:

11.5.1.шинжээч хуульд заасан шинжээчийн үүргээ биелүүлээгүй, эсхүл шинжилгээ хийх үйл ажиллагааны стандарт хангаагүй дүгнэлт гаргасан бол 3-аас 6 сарын хугацаагаар;

11.5.2.шинжээч Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд эрх бүхий байгууллага эцэслэн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар;

11.5.3.хуульд заасан бусад.

11.6.Энэ хуулийн 11.5.1, 11.5.2-т заасан хугацаа дууссан бол түдгэлзүүлсэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр сэргээнэ.

11.7.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр дараах тохиолдолд хүчингүй болгоно:

11.7.1.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлөө цуцлуулах хүсэлт гаргасан;

11.7.2.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

11.7.3.хоёр, түүнээс дээш удаа шинжилгээ хийх үйл ажиллагааны стандарт хангаагүй дүгнэлт гаргасан;

11.7.4.шинжээчийн ёс зүй, хууль тогтоомж, ноцтой зөрчсөн нь нотлогдсон;

11.7.5.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

11.7.6.шинжээчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

11.7.7.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

11.7.8.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

11.8.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нас барсан бол тухайн эрх дуусгавар болно.

11.9.Зөвлөл нь энэ хуулийн 11.7.3, 11.7.4, 11.7.5-д заасан тохиолдолд дүгнэлт, мөн зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.7.1, 11.7.2, 11.7.6, 11.7.7, 11.7.8-д заасан тохиолдолд санал гаргана.

11.10.Зөвлөл нь шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг үндэслэн уг зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаар гаргасан саналаа шүүх шинжилгээний төв байгууллагын даргад хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

11.11.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгосон талаарх мэдээллийг шүүх шинжилгээний төв байгууллага цахимаар нийтэд нээлттэй мэдээлнэ.

11.12.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах журам, маягтын загварыг батална:

11.12.1.мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн санг нийтэд танилцуулах, шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэг, маягт ашиглах журам;

11.12.2.зөвлөлийн үйл ажиллагааны журам;

11.12.3.шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэг, дүгнэлтийн маягтын загвар.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.