12 дугаар зүйл. Шинжилгээний объектод тавих нийтлэг шаардлага
12.1.Шинжилгээний объект шинж чанараа амархан алдах, устаж үгүй болохоор байвал түүнийг бэхжүүлж авсны дараа шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний байгууллага, шинжээчид даруй хүргүүлж, шинжилгээг хийлгэнэ.
12.2.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектыг шинжилгээ хийх байгууллага, шинжээчид хүргүүлэх боломжгүй бол шинжээчийг шинжилгээний объектын оршин байгаа газар, байршил, объектод чөлөөтэй нэвтрэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангана.
12.3.Шинжилгээний объект дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
12.3.1.шинжилгээ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх;
12.3.2.эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх;
12.3.3.эдийн засгийн шинжилгээний объектын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх.
12.4.Дараах объектод шинжилгээ хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний байгууллага, шинжээчид урьдчилан мэдэгдэж, шинжилгээний объектыг хүргүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:
12.4.1.галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, тэдгээрийн хэрэгсэл, протехникийн хэрэгсэл, цацраг идэвхт үүсгүүр, хими, биологийн хорт бодис зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх объект;
12.4.2.тээврийн хэрэгсэл, түүний овор хэмжээ ихтэй эд анги;
12.4.3.мал, амьтан, ургамал, соёлын үнэт зүйл, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл, бусад онцлог бүхий объект;
12.4.4.овор хэмжээ ихтэй объект.
12.5.Энэ хуулийн 12.4.1-д заасан объектын жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Тайлбар: -Энэ хуулийн 12.1-д заасан "шинжилгээний объект" гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, хүрээлэн байгаа орчны бүрэлдэхүүн хэсэг, баримт бичиг, цахим технологийн техник, программ хангамж, цахим хэлбэрт байгаа мэдээлэл, гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, амьтан, ургамал, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан шинжлэх хэв загвар, дээж, хэргийн бусад материалыг ойлгоно.