13 дугаар зүйл. Шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах
13.1.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектын бүрэн бүтэн байдал, чанар, нууцлалыг бүрэн хангаж, зориулалтын уут, дугтуй, хайрцаг, тусгайлан бэлтгэсэн сав зэрэгт тус тусад нь стандарт, журмын дагуу битүүмжилж, шинжилгээ хийлгэх шийдвэрийн хамт энэ хуульд өөрөөр заагаагүй бол шинжилгээний байгууллагад шууд хүргүүлнэ.
13.2.Шинжилгээний объектыг шинжилгээнд хүргүүлэх хүртэл хугацаанд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд, шинжилгээний байгууллага хүлээн авч шинжээчид хүлээлгэн өгөх, шинжилгээ хийсний дараа шинжээчээс хүлээн авч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд буцаан хүргүүлэх хүртэлх хугацаанд бүртгэл, мэдээллийн ажилтан, үзлэг, шинжилгээ хийх явцад шинжээч зохих журмын дагуу хадгалж, бүрэн бүтэн байдлыг хариуцна.
13.3.Шинж чанараа алдаж, шинжилгээнд дахин ашиглах боломжгүй болох эрсдэлтэй шинжилгээний объектоос сорьц авч, шинжилгээний адилтгал, мэдээллийн санд хадгалах бөгөөд түүнийг шинжилгээнд ашиглаж болно.
13.4.Биологийн гаралтай эд мөрийн баримт болох цус, үрийн шингэн, шүлс, үс, яс, эд, эс болон бусад зүйлийг адилтгал, мэдээллийн санд авч хадгална.
13.5.Шинж чанараа алдаж, шинжилгээнд ашиглах боломжгүй болсон, эсхүл энэ хуулийн 13.4-т заасан адилтгал, мэдээллийн санд авч хадгалснаас үлдсэн биологийн дээжийг шинжилгээ хийж дууссаны дараа шүүгч, эсхүл прокурорын зөвшөөрлөөр устгана.
13.6.Энэ хуулийн 13.5-д заасан зөвшөөрөл олгосноос бусад шинжилгээний объектыг устгахыг хориглоно.
13.7.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад өөрийн биеэр болон тухайн байгууллагаас томилогдсон эрх бүхий этгээдээр, эсхүл тусгай шуудангаар хүргүүлж, шинжилгээ хийж дууссаны дараа шинжээчийн дүгнэлтийн хамт буцаан авна.
13.8.Шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална.