14 дугаар зүйл. Шинжилгээ хийх
14.1.Шинжээч хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлсний дараа батлагдсан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандарт, журмын дагуу шинжилгээ хийнэ.
14.2.Шинжилгээний үр дүнд шинжилгээнд ирүүлсэн объектод гэмтэл, эсхүл хорогдол үүсэхээр байвал шинжээч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд энэ талаар урьдчилан мэдэгдэнэ.
14.3.Шинжээч шаардлагатай тохиолдолд хуульд заасан журмыг баримтлан харьцуулан шинжлэх хэв загвар, дээж авч, дүгнэлт гаргахдаа ашиглаж болно.
14.4.Шинжилгээний байгууллага, шинжээч харьцуулан шинжлэх хэв загвар, дээжийг шинжилгээ хийж дууссаны дараа шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд буцаана.
14.5.Лабораторид хийгдэх шинжилгээг стандартын шаардлага хангасан техник, тоног төхөөрөмж бүхий орчинд хийнэ.
14.6.Шинжилгээний техник, тоног төхөөрөмж бүхий лаборатори нь магадлан итгэмжлэгдсэн байна.
14.7.Лабораторийн үзлэг шинжилгээний явцыг дууны, дүрсний, эсхүл дуу-дүрсний аргаар бэхжүүлж, хадгална.
14.8.Шинжилгээ хийх явцад шинжээчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд шинжилгээний объектод үүссэн гэмтэл, хорогдлыг шинжилгээний байгууллага, шинжээч хариуцахгүй.
14.9.Хими, физик, биологи, дезоксирибонуклейны хүчил /ДНХ/, бактериологийн зэрэг лабораторийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.