19 дугаар зүйл. Шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах
19.1.Шинжээч дараах үндэслэл байвал шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзана:
19.1.1.уг хэргийг хянан шийдвэрлэх болон шалган шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, гэрч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд, мөрдөгч, прокурор, шүүгчийн хувиар өмнө нь оролцсон бол;
19.1.2.хэрэг хянан шийдвэрлэх болон шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол;
19.1.3.албан тушаалын болон бусад байдлаар хэргийн оролцогчийн нөлөөнд байгаа, эсхүл нөлөөлөхөөр бол;
19.1.4.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл тухайн шинжилгээг бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй бол;
19.1.5.шинжээчийн шинжилгээ хийхээр томилогдохоос өмнө хийсэн шалгалтын материал тухайн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол;
19.1.6.шинжилгээний объект нь энэ хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангахгүй бол;
19.1.7.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол;
19.1.8.шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол;
19.1.9.хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан бол.
19.2.Шинжээч энэ хуулийн 19.1.1, 19.1.2, 19.1.3, 19.1.4, 19.1.5-д заасан үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэхээр өөр байгууллага, шинжээчийг томилно.
19.3.Шинжилгээний байгууллагын шинжээч энэ хуулийн 19.1.6, 19.1.7, 19.1.8, 19.1.9-д заасан үндэслэл байвал үндэслэлээ тодорхой зааж шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтанд даруй мэдэгдэнэ.
19.4.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд энэ хуулийн 19.1-д заасан үндэслэл байвал үндэслэлээ тодорхой зааж шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд даруй мэдэгдэнэ.
19.5.Энэ хуулийн 19.1.1, 19.1.2, 19.1.3, 19.1.4-т заасан үндэслэл байвал хэргийн оролцогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь байгууллага, шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргаж болно.
19.6.Шинжээч энэ хуулийн 19.1-д зааснаас бусад үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзахыг хориглоно.
19.7.Мэргэжлийн байгууллага, шинжээчийг татгалзан гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.