23 дугаар зүйл. Шинжилгээний адилтгал, мэдээллийн санг хөтлөх, ашиглах
23.1.Шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээнд, төрөлжсөн санг шинжилгээний лабораторид үүсгэж хөтөлнө.
23.2.Шинжилгээний байгууллага энэ хуулийн 22.3, 22.4-т зааснаас бусад төрлийн шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн сан шинээр үүсгэж болно.
23.3.Шинжилгээний байгууллага шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн санг шинэчлэх, санд мэдээлэл цуглуулах, боловсруулах ажлыг төрийн байгууллага, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулна.
23.4.Хуульд өөрөөр заагаагүй бол шинжилгээний байгууллага төрийн байгууллага, хуулийн этгээдээс шинжилгээний адилтгал, мэдээллийн санд шаардлагатай бүтээгдэхүүний эх хувь, тэдгээрийн мэдээлэл, танилцуулгыг гаргуулан авна.
23.5.Шаардлагатай тохиолдолд шинжилгээний байгууллага зарим төрлийн шинжилгээний объект, харьцуулах загварыг шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн санд авч болно.
23.6.Шинжилгээний байгууллага шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн санг шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, эсхүл эрх бүхий байгууллагад лавлагаа мэдээлэл өгөх зорилгоор ашиглана.
23.7.Шинжилгээний адилтгал, мэдээллийн төрөлжсөн санг шинжилгээний байгууллага шинжилгээ хийхэд ашиглана.
23.8.Шинжилгээний байгууллага энэ хуулийн 23.6, 23.7-д зааснаас бусад зорилгоор шинжилгээний адилтгал, мэдээллийн санг ашиглахыг хориглоно.
23.9.Хуульд өөрөөр заагаагүй бол шинжилгээний байгууллагын шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа бусад байгууллагын мэдээллийн санг ашиглаж болно.