33 дугаар зүйл. Шүүх эмнэлгийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Шүүх эмнэлгийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага

33.1.Шүүх эмнэлгийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ:

33.1.1.гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоох;

33.1.2.хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох;

33.1.3.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүний нас, түүнчлэн цогцос нь хэдэн настай хүн байсныг тогтоох;

33.1.4.ялтан ял эдэлж байх хугацаандаа ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчнөөр өвдөж, ял эдлэх боломжгүй болсон тохиолдолд эрүүл мэндийн байдлыг тогтоох.

33.2.Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг хүний биед хийх шүүх эмнэлгийн шинжилгээ болон хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтооно.

33.3.Хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээний объект болох эмнэлгийн баримт бичиг нь баталгаажсан эх хувь байна.

33.4.Цар тахал, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цацраг туяа, химийн хорт болон аюултай бодисын улмаас нас барсан нь бусад нотлох баримтаар тогтоогдсон бол прокурорын зөвшөөрлөөр цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхгүй.

33.5.Цогцост шүүх дүрс оношилгооны шинжилгээ хийсэн тохиолдолд үр дүн нь шинжээчийн дүгнэлт гаргахад хангалттай бол цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхгүй байж болно.

33.6.Цогцост хийх шүүх эмнэлгийн задлан шинжилгээг боломжит нөхцөлд тохируулан хийж болно.

33.7.Цогцост үзлэг, шинжилгээ хийх явцыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэн авах зэрэг үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандана.

33.8.Цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх явцад шинжилгээний болон эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор эд, эрхтнээс дээж авсан бол энэ талаар шинжилгээний тэмдэглэлд тодорхой тусгана.

33.9.Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмыг эрүүл мэнд болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.