37 дугаар зүйл. Инженер-техникийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
37.1.Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад инженерийн байгууламж, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнд чанарын болон тоон, технологийн өөрчлөлт байгаа эсэх, үүссэн нөхцөл байдлын шалтгааныг тогтоох зорилгоор шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
37.2.Инженер-техникийн шинжилгээнд шинжилгээний объект нь үл хөдлөх хөрөнгө, эсхүл овор хэмжээ их, зөөвөрлөх боломжгүй тохиолдолд шинжилгээг тухайн объектын оршин байгаа газарт хийнэ.
37.3.Энэ хуулийн 37.2-т зааснаас бусад тохиолдолд шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлнэ.
37.4.Инженер-техникийн шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад ирүүлсэн тохиолдолд шинжилгээг зориулалтын тоног төхөөрөмжтэй лабораторид хийнэ.
37.5.Шаардлагатай тохиолдолд шинжилгээний байгууллага инженер-техникийн шинжилгээний объектыг мэргэжлийн байгууллагын лабораторид илгээж, гарсан үр дүнг үнэлж, дүгнэлт гаргаж болно.
37.6.Мэргэжлийн байгууллагын лабораторид хийгдсэн шинжилгээний зардлыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд хариуцан шийдвэрлэнэ.
37.7.Инженер-техникийн шинжилгээ хийх журмыг холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.