38 дугаар зүйл. Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээнд тавигдах тусгай шаардлага

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээнд тавигдах тусгай шаардлага

38.1.Шинжилгээний байгууллага энэ хуульд зааснаас бусад тохиолдолд эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх шийдвэрээр хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг хүрээлэн байгаа орчны бүрэлдэхүүн тус бүрээр хийнэ:

38.1.1.иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол учирсан;

38.1.2.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, нарийвчилсан үнэлгээний тайлан, эсхүл нарийвчилсан үнэлгээний тайланд хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.9-д заасан хянан магадалгаа буруу хийгдсэн нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн;

38.1.3.байгаль орчны нөлөөллийн ерөнхий, эсхүл нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж байгаа, эсхүл учруулсан.

38.2.Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шинжээчдийн баг хийнэ.

38.3.Шинжилгээний байгууллага хүрээлэн байгаа орчны хохирлыг хүрээлэн байгаа орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцохдоо нөхөн сэргээх зардлыг давхар тооцно.

38.4.Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг хийхдээ энэ хуульд заасан шинжилгээний нийтлэг журмыг баримтлан байгаль орчны хууль тогтоомж, түүнийг дагаж гарсан эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

38.5.Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний шинжилгээг шинжилгээний байгууллага хийнэ:

38.5.1.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, эсхүл нарийвчилсан үнэлгээний тайлан, эсхүл түүнд хийгдсэн хянан магадалгаа нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, эсхүл хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон;

38.5.2.байгаль орчны нөлөөллийн ерөнхий, эсхүл нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол ерөнхий үнэлгээний дүгнэлт, эсхүл нарийвчилсан үнэлгээний дүгнэлт үнэн зөв хийгдсэн эсэхийг тогтоолгох;

38.5.3.хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт нь эргэлзээтэй бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, эсхүл нарийвчилсан үнэлгээний дүгнэлт үнэн зөв хийгдсэн эсэхийг тогтоолгох;

38.5.4.хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт эргэлзээтэй бол уг тайлан, дүгнэлт нь үнэн зөв хийгдсэн эсэхийг тогтоолгох.

38.6.Хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан шинжилгээний материал нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн байгууллагын тайлан, дүгнэлт гарсан, эсхүл хянан магадалгаа хийгдсэн байна.

38.7.Шинжилгээний байгууллага шаардлагатай тохиолдолд хүрээлэн байгаа орчны шинжилгээний объектыг мэргэжлийн байгууллагын лабораторид илгээж, гарсан үр дүнг үнэлэн дүгнэлт гаргаж болно.

38.8.Мэргэжлийн байгууллагын лабораторид хийгдсэн шинжилгээний зардлыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд холбогдох хууль тогтоомжид зааснаар шийдвэрлэнэ.

38.9.Энэ хуулийн 38.8-д заасан зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.3.5-д заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын сангаас санхүүжүүлж болно.

38.10.Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Тайлбар: -Энэ хуулийн 38.1-д заасан хүрээлэн байгаа орчны бүрэлдэхүүн хэсэг гэж агаар, ус, хөрс, газар, түүний хэвлий, амьтан, ургамал, ойг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.