39 дугаар зүйл. Сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
39.1.Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ:
39.1.1.эрүүгийн хэргийн гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлоход;
39.1.2.бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлоход;
39.1.3.иргэний, захиргааны, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч иргэн нь иргэний эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзээ байвал тэдний сэтгэцийн байдлыг тодорхойлоход;
39.1.4.иргэний, захиргааны, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитойгоор тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ байвал түүний сэтгэцийн байдлыг тодорхойлоход;
39.1.5.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан нөхцөлд;
39.1.6.гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан боловч шийтгэх тогтоол гаргахын өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилсөн, эсхүл урьд нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоогдсон этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг тогтооход;
39.1.7.ял эдэлж байх үедээ сэтгэцийн өвчнөөр өвчилсөн ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг тогтооход;
39.1.8.энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг;
39.1.9.хуульд заасан бусад тохиолдолд.
39.2.Шинжээч сэтгэцийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа сэтгэцийн үзлэг, шинжилгээний дүн материалаас гадна урьд нь тухайн этгээдийн эмчлүүлж, эмчилгээ хийлгэж байсан эмнэлгийн баримт бичгийг үндэслэж болно.
39.3.Сэтгэцийн шинжилгээ хийлгэх шаардлагатай цагдан хоригдоогүй яллагдагч, шүүгдэгчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт байрлуулж шинжилгээ хийнэ.
39.4.Энэ хуулийн 39.3-т заасны дагуу шинжилгээ хийлгэж байгаа яллагдагч, шүүгдэгч хүний амь нас, эрүүл мэндийг хохироох, эмнэлгийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй үйлдэл хийсэн бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авна.
39.5.Өөрийн хүсэлтээр шинжилгээ хийлгэж байгаа яллагдагч, шүүгдэгч энэ хуулийн 39.4-т заасан үйлдлийг хийсэн бол уг этгээдийг эмнэлгийн захиргаа эмнэлгээс гаргаж, энэ тухай шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.
39.6.Цагдан хоригдож байгаа этгээдэд хийх сэтгэцийн шинжилгээг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт хийх бөгөөд эмнэлгийн аюулгүй байдал, хамгаалалтыг цагдан хорих байрны аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага хариуцна.
39.7.Гэрч, хохирогчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт байршуулж, сэтгэцийн шинжилгээ хийх боломжгүй хүндээр өвчилсөн, гэмтсэн тохиолдолд шинжээч, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн хамт тухайн этгээдийн байгаа газарт очиж шинжилгээ хийж болно.
39.8.Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.