4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."шүүх шинжилгээ" гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан /цаашид "зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд" гэх/-ы хүсэлтэд заасан шинжилгээний объектод тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг;
4.1.2."тусгай мэдлэг" гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг;
4.1.3."хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ" гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг;
4.1.4."шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг;
4.1.5."мэргэжилтэн" гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлтээр оролцох тусгай мэдлэг бүхий хүнийг;
4.1.6."шүүх шинжилгээний байгууллагын шинжээч" гэж шинжлэх ухааны тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүх шинжилгээний байгууллага /цаашид "шинжилгээний байгууллага" гэх/-ын алба хаагчийг;
4.1.7."шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд" гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг;
4.1.8."шинжээчийн дүгнэлт" гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг;
4.1.9."харьцуулан шинжлэх хэв загвар, дээж" гэж шинжилгээ хийгдэж байгаа хүн, амьтан, ургамлын хэсэг, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, цогцос, компьютерын программ, цахим мэдээлэл, өгөгдөл, гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, баримт бичиг, химийн хорт болон аюултай бодис зэрэг шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад шинжээчид зайлшгүй шаардлагатай, хуульд заасан журмын дагуу хураан авч бэхжүүлсэн бусад объектыг;
4.1.10."шинжилгээний объектын гэмтэл" гэж үзлэг, шинжилгээ, туршилтын явцад объектын хэлбэр, хийц, хэмжээ, шинж чанар алдагдах, өөрчлөгдөхийг;
4.1.11."шинжилгээний объектын хорогдол" гэж үзлэг, шинжилгээ, туршилтын явцад объектын тоо хэмжээ багасах, дуусах, устахыг.