48 дугаар зүйл. Шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтны эрх, үүрэг, хориглох зүйл

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтны эрх, үүрэг, хориглох зүйл

48.1.Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан нь дараах эрх эдэлнэ:

48.1.1.тухайн байгууллагад зохих чиглэлээр тусгай мэдлэг бүхий шинжээч, шаардлагатай техник хэрэгсэл, шинжилгээ хийх шаардлага хангасан нөхцөл бүрдээгүй бол шалтгааныг зааж шинжилгээний объект болон шинжилгээ хийлгэх шийдвэрийг буцаах;

48.1.2.шаардлагатай тусгай мэдлэг бүхий тухайн байгууллагад ажилладаггүй хүнийг шинжээчдийн багт оруулах саналыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргах;

48.1.3.шинжээчид шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах үүргийг шинжилгээний байгууллагын эрх бүхий бусад этгээдэд шилжүүлэх;

48.1.4.шаардлагатай тохиолдолд шинжилгээний хугацааг сунгаж энэ тухай шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэх;

48.1.5.хуульд заасан бусад эрх.

48.2.Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ:

48.2.1.шинжилгээний хуваарилалтыг энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх;

48.2.2.шинжилгээний хугацаа, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандарт, шинжээчийн хараат бус байдлыг хангах;

48.2.3.шинжилгээ хийхэд шаардлагатай нөхцөл бүрдүүлэх;

48.2.4.шинжилгээний явцад илэрхий болсон төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний хуулиар хамгаалагдсан мэдээллийг задруулахгүй байх;

48.2.5.шаардлагатай тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон шинжилгээний явц, шинжээчийн талаарх мэдээллийг нууцалж, аюулгүй байдлыг хангах;

48.2.6.шинжилгээ хийлгэх шийдвэр, хүсэлтэд заасан бусад байгууллага, шинжээчтэй хамтарсан шинжилгээ хийх ажлыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдтэй хамтран зохион байгуулах;

48.2.7.шинжээч хуульд заасан үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан бол шинжилгээг өөр шинжээчид шилжүүлэх;

48.2.8.шинжилгээ хийж дууссаны дараа шинжээчийн дүгнэлтийн үндсэн агуулгад нөлөөлөхгүйгээр шинжилгээ хийх шинжээчид тавьсан асуултад бүрэн хариулсан эсэх, дүгнэлтийн бүтэц, дүгнэлтийг бичсэн дэс дараалал, гэрэл зургийн үзүүлэлтийн чанар зэрэгтэй танилцаж, дүгнэлтийг байгууллагын тэмдгээр баталгаажуулах;

48.2.9.шинжилгээ хийх явцад өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч болон шинжээчдийн багт шинжилгээ хийх техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, шинжээчийн дүгнэлтийн агуулгад нөлөөлөхгүйгээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

48.2.10.хуульд заасан бусад үүрэг.

48.3.Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

48.3.1.шинжилгээ хийлгэх шийдвэргүй шинжилгээ хийлгэх;

48.3.2.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэлгүйгээр бие даан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг шинжилгээнд татан оролцуулах;

48.3.3.шинжээчийн шинжилгээтэй холбоотой үйл ажиллагааг чиглүүлэх, шинжээчийн дүгнэлтийн агуулгад нөлөөлөх;

48.3.4.шинжээчийн хараат бус байдалд нөлөөлөх;

48.3.5.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдэд шинжилгээний үр дүнг мэдээлэх;

48.3.6.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.