49 дугаар зүйл. Шинжээчийн эрх, үүрэг, хориглох зүйл
49.1.Шинжээч дараах эрх эдэлнэ:
49.1.1.энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах;
49.1.2.шинжилгээ хийхэд шаардлагатай баримт материалтай танилцах;
49.1.3.шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад шаардлагатай, нэмэлт баримт материал ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс шаардах, ижил, эсхүл өөр мэргэжлийн шинжээчийг татан оролцуулах хүсэлт гаргах;
49.1.4.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсны үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцох;
49.1.5.дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн зөвшөөрснөөр шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар хэргийн оролцогчид асуулт тавих;
49.1.6.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуульд заасан шинжээчийн эрхийг зөрчсөн бол хуульд заасан журмын дагуу гомдол гаргах;
49.1.7.өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах, энэ талаар дүгнэлтэд дурдах;
49.1.8.тухайн хэрэг, маргаанд шинжээчээр оролцсонтой холбогдуулан аюулгүй байдлаа хангуулах хүсэлтийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргах;
49.1.9.шинжилгээний байгууллагаас бусад этгээд хийх тохиолдолд томилогдсон байгууллага, шинжээч шинжилгээ хийсэнтэй холбоотой ажлын хөлс, холбогдох бусад зардал олгуулах хүсэлтийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргах;
49.1.10.хуульд заасан бусад эрх.
49.2.Шинжээч дараах үүрэг хүлээнэ:
49.2.1.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах;
49.2.2.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэн хүнлэг харьцах;
49.2.3.шинжилгээ хийх явцад илэрхий болсон төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний хуулиар хамгаалагдсан мэдээллийг хадгалах;
49.2.4.хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтэд тусгах;
49.2.5.шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объектын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
49.2.6.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуулийн хүрээнд дүгнэлт гаргах;
49.2.7.шинжээчийг шинжилгээ хийхэд саад учруулсан, хараат бус байдалд нөлөөлсөн, нөлөөлөхийг завдсан тохиолдолд шинжээч нөлөөллийн мэдүүлэг гаргаж, дээд шатны удирдлага, эсхүл холбогдох байгууллагад мэдэгдэх;
49.2.8.хуульд заасан бусад үүрэг.
49.3.Нөлөөллийн мэдүүлэг гаргах, хүргүүлэх журмыг шүүх шинжилгээний төв байгууллагын дарга батална.
49.4.Шинжээчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
49.4.1.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдийн шийдвэр, хүсэлтээр шинжилгээ хийх;
49.4.2.хэргийн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах;
49.4.3.тухайн шинжилгээтэй холбогдолгүй асуудлаар хэргийн оролцогчоос тайлбар, тодорхойлолт авах;
49.4.4.шаардлага хангахгүй шинжилгээний объектод шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;
49.4.5.шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах;
49.4.6.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтнаас бусад этгээдэд шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэх;
49.4.7.хуульд зааснаас бусад тохиолдолд шинжилгээний объектыг гэмтээх, устгах, бусдад шилжүүлэх, эсхүл түүний шинж чанарыг өөрчлөх;
49.4.8.шинжилгээний явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний хуулиар хамгаалагдсан мэдээллийг задруулах, түүнийг хувийн сонирхлоор ашиглах;
49.4.9.тодорхой шинжилгээ хийсэнтэй холбогдуулан бусад байгууллага, иргэнээс шагнал, шан харамж авах;
49.4.10.шинжилгээ дууссаны дараа шинжээчийн дүгнэлт, шинжилгээний объектыг өөртөө хадгалах;
49.4.11.шинжилгээний байгууллагын шинжээч шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;
49.4.12.шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл худал дүгнэлт гаргах;
49.4.13.энэ хуулийн 19.1-д зааснаас бусад үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах;
49.4.14.хуульд заасан бусад.