51 дугаар зүйл. Шинжилгээний байгууллага, түүний тогтолцоо
51.1.Шинжилгээний байгууллага нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, түүнд үзлэг, үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай алба мөн.
51.2.Шинжилгээний байгууллагын тогтолцоо нь шүүх шинжилгээний төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагаас бүрдэнэ.
51.3.Шүүх шинжилгээний төв байгууллагын харьяа алба, нэгж нь хариуцсан чиг үүргийн хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа шүүх шинжилгээний төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.
51.4.Нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллага нь үйл ажиллагаагаа шүүх шинжилгээний төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.
51.5.Шинжилгээний байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.
51.6.Шинжилгээний байгууллагыг нутаг дэвсгэрийн, эсхүл тойргийн зарчмаар байгуулж болно.
51.7.Энэ хуулийн 51.6-д заасан нутаг дэвсгэрийн зарчмаар нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагыг харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, газар зүйн байршил, дэд бүтэц, хүн амын тоо, нягтрал, хэрэг, маргааны тоо, бусад онцлогийг харгалзан байгуулна.
51.8.Нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагыг тойргийн зарчмаар байгуулахдаа харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, хэрэг, маргааны тоог харгалзан байгуулна.
51.9.Шүүх шинжилгээний төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар тогтооно.
51.10.Шүүх шинжилгээний төв байгууллага үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжээс гадна сургалт явуулах, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа хийх, техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний нэгжтэй байна.
51.11.Шинжилгээний байгууллага нь харьяандаа чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэшсэн нэгж, сэтгэл засах, сувиллын нэгжтэй байж болно.
51.12.Шүүх шинжилгээний төв байгууллагын дэргэд салбарын эрдэмтдээс бүрдсэн шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус эрдмийн зөвлөл байгуулж болно.
51.13.Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг шүүх шинжилгээний төв байгууллагын дарга батална.