53 дугаар зүйл. Шүүх шинжилгээний төв байгууллагын чиг үүрэг
53.1.Шүүх шинжилгээний төв байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
53.1.1.алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
53.1.2.шинжилгээний байгууллагын хүний нөөцийн бодлого боловсруулах, алба хаагчийг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдний ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
53.1.3.шинжилгээний байгууллагыг техник, тоног төхөөрөмжөөр хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
53.1.4.үндсэн чиг үүргийн хүрээнд дотоод, гадаадын байгууллагатай хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах;
53.1.5.шинжилгээ хийхэд мөрдөх журам, зааврын биелэлтийг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
53.1.6.шинжилгээний байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, шалтгаан, нөхцөлийг арилгах, дотоод хяналт, аюулгүй байдлыг хангах;
53.1.7.шинжилгээ хийх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээ, нээлттэй эх сурвалж ашиглах, мэдээлэл дамжуулах болон бусад хяналтын систем нэвтрүүлэх;
53.1.8.шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн сан үүсгэх, баяжуулах, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, хуульд заасан төрийн эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах, тэдгээрээс мэдээлэл авах;
53.1.9.хуульд заасан бусад чиг үүрэг.
53.2.Шүүх шинжилгээний төв байгууллага энэ хуулийн 53.1.6-д заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, ажилтны үйл ажиллагаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний хуулиар хамгаалагдсан мэдээллийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тэдгээрт холбогдох хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, шинжилгээний байгууллагын алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана.