55 дугаар зүйл. Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын бүрэн эрх
55.1.Шүүх шинжилгээний төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
55.1.1.шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах;
55.1.2.шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, стандартыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
55.1.3.шинжилгээний байгууллага, шүүх шинжилгээний үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах хүрээнд шинжилгээний байгууллагыг шинжилгээний лабораторийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, урвалж бодисоор шуурхай хангах, урвалж бодисын нөөцийг бүрдүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд худалдан авах ажлыг зохион байгуулах;
55.1.4.шинжилгээний байгууллагын аюулгүй байдлын түвшин, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг батлах;
55.1.5.энэ хуулийн 11.1-д заасан шинжилгээ хийх эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох;
55.1.6.Төсвийн тухай хуулийн 16.5.5-д заасны дагуу төсвийг зориулалтын дагуу зарцуулах;
55.1.7.шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүү, хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
55.1.8.албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах;
55.1.9.нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл байдлын үед шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийг цагдаагийн байгууллагын хүсэлтээр дэмжлэг үзүүлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэх;
55.1.10.шинжилгээний байгууллага, алба хаагчийн аюулгүй байдал, тусгай хэрэгсэл, хувцас, бусад материалаар хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
55.1.11.шинжилгээний байгууллага, алба хаагчийн гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох;
55.1.12.шинжилгээний байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түдгэлзүүлэх, чөлөөлөх, халах;
55.1.13.шинжилгээний байгууллагын алба хаагчид ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх;
55.1.14.шинжилгээний байгууллагыг тогтоосон журмын дагуу төлөөлж гадаад, дотоодын байгууллагатай харилцах, санамж бичиг, гэрээ, хэлэлцээр байгуулах.
55.2.Шүүх шинжилгээний төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, шинжилгээний байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ тэргүүн дэд дарга, дэд дарга харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагын даргад шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
55.3.Шинжилгээний албанд томилогдох иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг шүүх шинжилгээний төв байгууллагын дарга тогтооно.
ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ