71 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаа
71.1.Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь шинжилгээний байгууллагын алба хаагчид урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
71.2.Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутамд нэг удаа 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно.
71.3.Энэ хуулийн 71.2-т заасан мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.
71.4.Шинжилгээний байгууллагын алба хаагчийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.
71.5.Шинжилгээний байгууллагад 5, түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчийг мэргэжил, мэргэшил дээшлүүлэх сургалтад 5 жил тутам улсын зардлаар хамруулна.
71.6.Шинжилгээний байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.
71.7.Шинжилгээний байгууллагаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ хуулийн 71.6, 71.8.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.
71.8.Шинжилгээний байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараах нөхөх олговор, тусламж олгоно:
71.8.1.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор;
71.8.2.хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг;
71.8.3.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүү.
71.9.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн авч байсан цалингийн хэмжээ нэмэгдэх бүрд энэ хуулийн 71.8.3-т заасан цалингийн зөрүүг нэмэгдсэн цалингаас шинэчлэн тооцож олгоно.
71.10.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөгжлийн бэрхшээлтэй болсон шинжилгээний байгууллагын алба хаагч, уг үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд амралт сувиллын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхээр очих болон буцах замын зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу жилд нэг удаа олгоно.
71.11.Энэ хуулийн 71.6-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх бөгөөд энэ хуулийн 71.8-д заасан нөхөх олговор, тусламж олгох журам, 71.10-т заасан зардал олгох журмыг Засгийн газар батална.
71.12.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн хэргийн газрын үзлэгт оролцох, шинжилгээ хийх, лабораторийн нөхцөл, жижүүрийн албанд ажилласан нэг жилийгнэг жил дөрвөн сараар, дэмжлэг үзүүлэх албан тушаалд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тус тус тооцно.
71.13.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн амь насыг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.