72 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн эдийн засгийн баталгаа

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

72 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн эдийн засгийн баталгаа

72.1.Засгийн газар шинжилгээний байгууллагын алба хаагчийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

72.2.Шинжилгээний байгууллагын алба хаагч өөр аймаг, хот суурин газарт шилжин ажиллах болсноос шалтгаалан түүний эхнэр /нөхөр/ хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүний гэр бүлийг тэргүүн ээлжид түүний мэргэжлийн болон түүнтэй дүйцэхүйц ажлаар хангах бөгөөд ажлаар хангаагүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож улсын төсвөөс олгоно.

72.3.Ээлжийн ажил, үүрэг гүйцэтгэдэг шинжилгээний байгууллагын алба хаагчийг илүү цагаар ажиллуулсан бол ажилласан цаг тутамд ногдох албан тушаалын цалинг олгоно.

72.4.Шинжилгээний байгууллагын алба хаагчийг өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед болон ажлын бус цагаар, шөнийн ээлжид, хээрийн дадлагын үеэр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хүнсний болон эдийн хангалтаар хангаж, хоолны зардлыг олгоно.

72.5.Шинжилгээний байгууллагын алба хаагчид олгох хүнсний болон эдийн хангалт, хоолны зардлын хэмжээг Засгийн газар тогтооно.

72.6.Аймаг, хот хооронд түүнчлэн аймаг, хот дотор шинжилгээний байгууллагад шилжин ажиллахаар томилогдсон алба хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжид нь байдаг хүнд уналга, ачаа тээшийн зардлыг тухайн үед мөрдөж байгаа нисэх онгоц, автомашин, төмөр замын тээврийн үнэлгээгээр тооцож олгоно.

72.7.Шинжилгээний байгууллагын захиалгаар гадаад улсын их, дээд сургуульд суралцагч алба хаагчийн суралцах хугацааны сургалтын тэтгэлэг, ирэх, буцах тээврийн зардлыг төр хариуцна.

72.8.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:

72.8.1.төрийн тусгай алба хаасан хугацааны;

72.8.2.албан ажлын онцгой нөхцөлийн;

72.8.3.мэргэшлийн зэргийн;

72.8.4.эрдмийн зэрэг, цолны;

72.8.5.хуульд заасан бусад.

72.9.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээ болон энэ хуулийн 72.6, 72.7-д заасан үнэлгээ, зардлын хэмжээг Засгийн газар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.