75 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн алба хаах нас
75.1.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн алба хаах насны дээд хязгаарыг Цагдаагийн албаны тухай хуулийн 91.1-д зааснаар тогтооно.
75.2.Энэ хуулийн 75.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн шинжилгээний байгууллагын алба хаагчийн алба хаах хугацааг 5 хүртэл жилээр сунгаж болно.
75.3.Энэ хуулийн 75.2-т заасан алба хаах хугацааг сунгуулах хүсэлтийг шүүх шинжилгээний төв байгууллагын дарга хүлээн авч, өөрийн саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна.
75.4.Шинжилгээний байгууллагын алба хаагч энэ хуулийн 75.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй.
75.5.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 75.2-т заасан хүсэлт, саналыг хянан, 30 хоногийн дотор 5 хүртэл жилээр сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
75.6.Энэ хуулийн 75.2-т заасан хугацаа сунгах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
75.7.Энэ хуулийн 75.1, 75.2-т заасан насны дээд хязгаарт хүрч албанаас чөлөөлөгдсөн иргэнийг ажлын шаардлагаар шинжилгээний байгууллагын албаны үйл ажиллагаанд гүйцэтгэх, туслах үүрэг бүхий ажилд гэрээгээр ажиллуулж болно.
75.8.Шинжилгээний байгууллагын захиалгаар суралцсан, шинжилгээний байгууллагын алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цэрэг, цагдаагийн цолтойгоор ажилласан, мэргэжлийн сургуульд сонсогчоор суралцсан болон энэ хуульд заасан бусад хугацааг шинжилгээний байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцно.