9 дугаар зүйл. Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх

9.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний объектын хамт шинжилгээний байгууллагад хүргүүлнэ.

9.2.Шинжилгээний байгууллага нь шинжилгээг шинжилгээний төрөл тус бүрээр урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах программ хангамж ашиглан шинжээч, эсхүл шинжээчдийн багт хуваарилна.

9.3.Энэ хуулийн 9.2-т заасан программ нь хуваарилагдах шинжээчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг бүрдүүлж дараах шаардлага хангасан байна:

9.3.1.шинжилгээний байгууллага шинжилгээ хийлгэх шийдвэр, шинжилгээний объектыг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, хуваарилалтыг өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх, хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд шууд өгөх боломжтой байх;

9.3.2.шинжилгээг хуваарилахдаа шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзах;

9.3.3.цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү энэ хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шинжээч, шинжээчийн бүрэлдэхүүн солигдох нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх.

9.4.Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна.

9.5.Шинжээчийн дүгнэлтийг баталгаажуулснаар тухайн шинжилгээг дууссанд тооцно.

9.6.Энэ хуулийн 9.2-т заасан шинжээчид цахим программ хангамж ашиглан шинжилгээг хуваарилах журам болон энэ хуулийн 9.3-т заасан нөхцөл, шаардлагыг шүүх шинжилгээний төв байгууллагын дарга батална.

Тайлбар: -Энэ хуульд заасан "шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан" гэж энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэгч шинжилгээний байгууллагын алба хаагчийг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.