10 дугаар зүйл. Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
10.1.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн санал гаргах;
10.1.2.түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд урьдчилсан үнэлгээ хийх;
10.1.3.урьдчилсан үнэлгээний тайланг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
10.1.4.аймаг, нийслэл болон хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг хүлээн авах, энэ хуульд зааснаар урьдчилсан үнэлгээ хийх, тухайн төслийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох, дүгнэлт гаргах; /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.5.урьдчилсан үнэлгээ нь хянан баталгаажсан төслийн саналыг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгуулах;
10.1.6.түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээ хийх төслийн багийн бүрэлдэхүүнд ажиллах, төслийн багтай хамтран бүрэн шинжилгээ хийх;
10.1.7.хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах болон түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох;
10.1.8.хувийн хэвшлийн түншлэгчтэй төрийн түншлэгч талыг төлөөлж түншлэлийн гэрээг энэ хуульд зааснаар байгуулах;
10.1.9.түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрийн түншлэгчийн чиг үүргийг энэ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;
10.1.10.түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийн талаарх жил бүрийн тайланг бэлтгэх, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
10.1.11.түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.12.түншлэлийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, төслийн баримт бичиг, түншлэлийн гэрээ, санхүүжилтийн талаарх мэдээллийг түншлэлийн мэдээллийн нэгдсэн санд оруулах, олон нийтэд мэдээлэх, ил тод байдлыг хангах;
10.1.13.түншлэлийн төсөлд оролцогчид шаардагдах мэдээлэл, сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичиг, заавар, маягт, түншлэлийн гэрээний стандарт маягт, холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулах, олон нийтэд ил тод, тогтмол, хүртээмжтэй хүргэх, мэдээлэх.