9 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

9.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.1.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төсвийн эрсдэлийн үнэлгээг хянах, тухайн төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болон төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн талаар дүгнэлт гаргах;

9.1.2.түншлэлийн гэрээний төрлөөс хамаарч гэрээний дагуу төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийг хэрэгжилт, гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэн төсвийн төсөлд тусгах, төслийн санхүүжилтийг төсөвтэй уялдуулах;

9.1.3.түншлэлийн төслийн бүрэн шинжилгээнд үндэслэн түншлэлийн гэрээний хүрээнд төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл, Засгийн газрын өрийн баталгаа, нөхөх олговор, төсвийн эрсдэл, санхүүгийн чадавхын асуудал болон Засгийн газрын өрийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг тооцож, дүгнэлт гаргах;

9.1.4.түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээнд үндэслэн төсвийн эрсдэл, төсөвт үзүүлэх нөлөөлөл болон хөрөнгийн эх үүсвэрийг хянаж, энэ хуулийн 14.1.1-д заасан түншлэлийн төрөлд санал, дүгнэлт, 14.1.2, 14.1.3-т заасан түншлэлийн төрөлд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл өгөх, зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэл, тайлбарыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.5.түншлэлийн гэрээний төсөлтэй танилцаж, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн тооцоо, шинжилгээг хянах, түншлэлийн гэрээ байгуулах болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад санал, дүгнэлтээ түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.6.түншлэлийн төслийн хүрээнд тухайн жилийн болон түншлэлийн төслийн нийт хугацаанд хүлээсэн санхүүгийн болон төлбөрийн нийт үүргийг хянах, төсвийн төлбөрийн үүрэг бүхий түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, дүгнэлт гаргах, түншлэлийн төслийн төсвийн төлөвлөлт, зардал, эрсдэлтэй холбоотой асуудлаар холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай мэдээллийг гаргуулж авах;

9.1.7.түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд энэ хуульд заасныг баримтлан төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журмыг боловсруулах;

9.1.8.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянах болон түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад санал, дүгнэлт гаргах журмыг боловсруулах. /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түншлэлийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл тооцох загварыг баталж, мөрдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.