11 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

11.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.түншлэлийн хууль тогтоомж, тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн түншлэлийн гэрээний биелэлтэд хяналт тавих;

11.1.2.тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэх;

11.1.3.тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг дэмжиж, хамтран ажиллах.

11.1.4.энэ хуулийн 13.2-т заасан түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.5.энэ хуулийн 13.2-т заасан түншлэлээр хэрэгжүүлэх төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгох; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.6.аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, тухайн жилийн орон нутгийн төсвийн төслийг батлахдаа орон нутагт хэрэгжүүлэх түншлэлийн зорилт, арга хэмжээг хэлэлцэж, батлах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.7.түншлэлийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг орон нутгийн төсвийн гүйцэтгэлтэй хамт хэлэлцэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.8.энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1.тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;

11.2.2.энэ хуулийн 13.2.1, 13.2.2, 13.2.3, 13.2.4, 13.2.5, 13.2.6-д зааснаас бусад салбарт хэрэгжүүлэх 100 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй түншлэлийн төслийн саналаа Түншлэлийн төвд хүргүүлэх; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.2.3.тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг хангах, түншлэгч талуудад дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах, түншлэлийн гэрээний биелэлтэд энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу хяналт тавих;

11.2.4.төслийн бүрэн шинжилгээ хийх төслийн багийн бүрэлдэхүүнд болон түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, түншлэлийн гэрээг төрийн түншлэгч талыг төлөөлж түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран байгуулах;

11.2.5.түншлэлээр бий болсон болон түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг түншлэлийн гэрээ, энэ хууль, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх.

11.2.6.энэ хуулийн 13.2-т заасан төслийн түншлэлийн болон зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.2.7.энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.2.8.түншлэлийн хууль тогтоомж, түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг орон нутгийн төсвийн гүйцэтгэлтэй хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.3.Энэ хуулийн 13.3-т заасан журмыг аймгийн саналыг авсны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга боловсруулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.