12 дугаар зүйл. Түншлэлийн төв, түүний чиг үүрэг
12.1.Түншлэлийн төвийг Засгийн газрын шийдвэрээр түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулна.
12.2.Түншлэлийн төв түншлэлийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1.түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийг хэрэгжүүлж, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
12.2.2.салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл болон хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг хүлээн авах, түншлэгч талуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.2.3.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээг төрийн түншлэгч болон мэргэжлийн зөвлөх, төслийн багтай хамтран боловсруулах; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.4.энэ хуулийн 12.2.3-т заасан судалгаа, шинжилгээний үр дүнг салбарын болон түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж, төслийг үнэлж, түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллээр хангах;
12.2.5.түншлэлийн төслийн боломжийг тодорхойлж, хувийн хэвшлийн оролцоо, чадамж, сонирхлыг тандан судлах, хөрөнгө оруулагч болон бусад сонирхогч талуудад зориулсан танилцуулгыг боловсруулах;
12.2.6.судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийхэд мэргэжлийн шинжээч болон зөвлөхийн үйлчилгээ авах, гэрээ байгуулах;
12.2.7.хувийн хэвшлээс санаачилсан төсөлд тухайн хувийн хэвшлийн санхүүжилтээр төсөлд шаардлагатай дүн шинжилгээ хийж, үр дүнг салбарын болон түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;
12.2.8.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцоход санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
12.2.9.энэ хуулийн 49.3-т заасан журмын дагуу сангийн эх үүсвэрийг Түншлэлийн төсөл хөгжүүлэх санд төвлөрүүлэх;
12.2.10.төслийн хэрэгжилтийн санхүүгийн болон эрсдэлийн хяналт шинжилгээг тайлагнах;
12.2.11.түншлэлийн төсөлд шаардлагатай мэдээлэл, журам, сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичиг, зааварчилгаа, маягт, түншлэлийн жишиг гэрээний загвар, түншлэлд оролцогч этгээдэд шаардлагатай холбогдох баримт бичгийг боловсруулах, мэдээллийг түншлэлийн мэдээллийн нэгдсэн санд тогтмол байршуулах, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх.
12.3.Түншлэлийн төв нь аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар байгуулж, дүрмийг батална.
ТҮНШЛЭЛИЙН ТӨРӨЛ, ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛТГЭЛ АЖИЛЛАГАА БОЛОН ТАВИХ ШААРДЛАГА