18 дугаар зүйл. Түншлэлийн төсөлд тавих шаардлага
18.1.Түншлэлийн төсөл нь хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, бүсчилсэн хөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байна: /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.1.1.энэ хуульд заасан үнэлгээ, шинжилгээ, судалгаагаар төсөл нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой болох нь тодорхойлогдсон байх;
18.1.2.хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, бүсчилсэнхөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;
18.1.3.хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл байх, энэ хуульд заасан түншлэлийн төрөл, хэлбэрт нийцэж байх;
18.1.4.хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад үндэслэн дэд бүтцийг байгуулах, засвар үйлчилгээ үзүүлэх, нийтэд зориулсан төрийн үйлчилгээг гүйцэтгүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой байх;
18.1.5.байгаль орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх;
18.1.6.тухайн төслийн хувьд хөрөнгө оруулагч болон санхүүжүүлэгч талууд төслийг хэрэгжүүлэх сонирхолтой болохыг зах зээлийн судалгаагаар тогтоосон, өрсөлдөөнт шалгаруулалт явуулах нь тодорхой болсон байх.
18.2.Түншлэлийн гэрээ байгуулж, хэрэгжүүлэх төсөл нь дараах шаардлагыг хангасан байна: /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.2.1.төслийн төсөв, санхүүгийн үнэлгээ, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байх; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.2.2.төслийн хэмжигдэхүйц зорилтод үндэслэн төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон байх;
18.2.3.хууль зүйн дүн шинжилгээ, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийгдэж баталгаажсан байх;
18.2.4.төслийн бүрэн шинжилгээгээр түншлэлийн төслийн хүрээнд олон нийтэд үзүүлэх төрийн үйлчилгээ нь холбогдох стандартын шаардлагыг хангасан байх;
18.2.5.техникийн шаардлага, төслийн орц, гарц болон хүрэх үр дүнг тодорхойлсон байх;
18.2.6.хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэх төслийн үйл ажиллагаа, арга хэмжээ, хамрах хүрээг тогтоосон байх;
18.2.7.төслийн үйл ажиллагаанд шаардлагатай Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгогдох тусгай болон энгийн зөвшөөрлийг тодорхойлсон байх;
18.2.8.төслийн эрсдэлийг үнэлж, гэрээний хүрээнд эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхойлсон байх;
18.2.9.төсөл хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх шаардлагатай дэмжлэгийн төрөл, хэлбэрийг тодорхойлсон байх;
18.2.10.төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн тооцоо, шинжилгээ нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;
18.2.11.төсөл хэрэгжих хугацаанд хувийн хэвшлийн түншлэгчийн үйл ажиллагаа, хэрэгжилт, гүйцэтгэлд гэрээний дагуу хяналт тавих, үнэлэх асуудлыг тусгасан байх;
18.2.12.түншлэлийн гэрээг байгуулахаас өмнө хувийн хэвшлийн түншлэгчтэй гэрээний хэлэлцээр хийж, гол нөхцөлийг харилцан тохиролцсон байх;
18.2.13.төслийн нийт зардлыг тухайн төслийн үе шатны бүх зардлыг оролцуулан нэгдсэн дүнгээр тодорхойлсон байх;
18.2.14.түншлэлийн төслийн дагуу үзүүлж байгаа төрийн үйлчилгээ нь нийтэд зориулсан, төлбөр нь зах зээлийн үнэтэй уялдсан, бүртгэл хийх боломжтой байх;
18.2.15.байгаль орчинд ээлтэй, инноваци, шинэ технологийг нэвтрүүлсэн байх; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
18.2.16.түншлэлийн өмчлөлийн зүйлийг зохистой удирдах зорилгоор түншлэлийн гэрээ болон төслийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагыг хангах.
18.3.Энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй төслийг түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглоно.
18.4.Энэ хуулийн 5.1.13-т заасан төрийн үйлчилгээ үзүүлэх төслөөс хамааран техник, эдийн засгийн үндэслэл шаардахгүй бөгөөд мөнгөний үнэ цэнийн шинжилгээ, төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ, хууль зүйн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн шинжилгээг хийж болно. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./