20 дугаар зүйл. Түншлэлийн төслийн бүрэн шинжилгээ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Түншлэлийн төслийн бүрэн шинжилгээ

20.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн үр ашиг, ач холбогдлыг нарийвчлан судалж тогтоох, хэрэгжүүлэх боломжийн талаар дүгнэлт гаргах, түншлэлийн төрөл, төслийг хэрэгжүүлэх гэрээний төрөл, хэлбэрийг тодорхойлох зорилгоор төслийн бүрэн шинжилгээг хийнэ. /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.2.Түншлэлийн төв болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төслийн бүрэн шинжилгээ хийх төслийн багийг Түншлэлийн төвийн дэргэд хамтран байгуулах бөгөөд бүрэн шинжилгээ хийх хугацааг холбогдох журамд заасан байна. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан төслийн багийн бүрэлдэхүүнд түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түншлэлийн төслөөс хамааран холбогдох төрийн байгууллага, төсөл хэрэгжих аймаг, нийслэлийн төлөөлөл байх бөгөөд шаардлагатай бол төслийн багийн бүрэлдэхүүнд санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад салбарын үндэсний, олон улсын мэргэжлийн судлаач, зөвлөх, хөндлөнгийн хараат бус зөвлөх гишүүн оруулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.4.Төслийн баг холбогдох аргачлал, журмын дагуу дараах байдлаар тухайн төслийн хэрэгцээ, шаардлага, санхүү, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, санхүүгийн болон бусад нөөц, боломжийг бүрэн шинжилгээгээр тодорхойлж дүгнэлт гаргана:

20.4.1.мөнгөний үнэ цэнийн шинжилгээг хийх;

20.4.2. техник, эдийн засгийн үндэслэл; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.4.3.түншлэлийн гэрээний төрөл, загвар, гол нөхцөл, төсөлд тавигдах шаардлагыг хангасан эсэх үнэлгээ;

20.4.4.хууль зүйн дүн шинжилгээ, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ;

20.4.5.төслийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлсон эрсдэлийн шинжилгээний дүгнэлт;

20.4.6.төслийг хэрэгжүүлэх түншлэлийн төрөл, гэрээний хэлбэр, төсөл хэрэгжих хугацаа;

20.4.7.тухайн төсөлд шаардлагатай төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл.

20.5.Төслийн баг түншлэлээр хэрэгжүүлэхээр санал болгосон төслийн түншлэлийн эх төслийг боловсруулна.

20.6.Энэ хуулийн 7.2.4, 9.2-т заасан аргачлал, загвар, 20.4-т заасан эрсдэлийн шинжилгээний дүгнэлтийн дагуу түншлэлээр хэрэгжүүлэх төслийн эрсдэлийг үнэлэх, хуваарилах, бууруулах, хянах зэрэг эрсдэлийн удирдлагын арга хэмжээг төлөвлөсөн байна.

20.7.Төслийн баг төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг тооцохдоо санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах ба энэ хуулийн 9.2-т заасан загварын дагуу төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг болон түншлэлийн гэрээний дагуу төсөвт шууд болон шууд бус төлбөрийн үүрэг, хариуцлагыг бий болгох эсэхийг тооцно.

20.8.Төслийн баг түншлэлийн төсөл нь төсвийн эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй, энэ хуулийн 20.4.7-д заасан дэмжлэгийг төрөөс үзүүлэх боломжгүй гэж дүгнэсэн тохиолдолд түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг буцаах, хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн эх үүсвэрийг өөрчлөх талаар санал гаргана.

20.9.Төслийн баг тухайн төслийн талаар олон нийт, иргэд, төрийн болон бусад байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг авч болно.

20.10.Төслийн баг төслийн бүрэн шинжилгээний үр дүнгээс хамаарч түншлэлээр хэрэгжүүлэх зарим уялдаатай төслийг нэгтгэж нэг төсөл болгон хэрэгжүүлэх нь үр ашигтай гэж үзсэн тохиолдолд нэгтгэн хэрэгжүүлэх санал гаргаж болно.

20.11.Энэ хуулийн 20.4.2-т заасан техник, эдийн засгийн үндэслэлийг төсвийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр боловсруулж болох бөгөөд тухайн техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн шинжилгээ хийх шийдвэр гарахаас өмнө гурван жилийн дотор тухайн салбарын шинжлэх ухаан, технологийн, эсхүл мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж тодотгогдсон байна. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.