21 дугаар зүйл. Түншлэлийн төслийг тодорхойлж, шийдвэр гаргах
21.1.Түншлэлийн төслийн баг бүрэн шинжилгээгээр түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой гэж тодорхойлсон төслийг төслийн иж бүрэн баримт бичгийн хамт түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүрэн шинжилгээ хийгдэж, дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүргүүлнэ.
21.2.Төслийн баг төслийн баримт бичгийн иж бүрдэлд доор дурдсан мэдээллийг тусгасан хяналтын хуудсыг хамт хүргүүлнэ:
21.2.1.энэ хуулийн 21.2-т заасан хяналтын хуудсанд төрийн түншлэгчид хамаарах дараах мэдээллийг тусгана:
21.2.1.а.санхүүгийн эх үүсвэрийн боломж, түншлэлд зөвлөгөө болон дэмжлэг үзүүлэх чадавх;
21.2.1.б.төрийн байгууллагын албан хаагч, мэргэжилтний мэдээлэл;
21.2.1.в.удирдлагын түвшинд түншлэлийг хэрэгжүүлэх сонирхол болон үзүүлэх дэмжлэгийн түвшин;
21.2.1.г.холбогдох бусад хүчин зүйл.
21.2.2.энэ хуулийн 21.2-т заасан хяналтын хуудсанд дараах түншлэлийн мэдээллийг тусгана:
21.2.2.а.төслийн мэдээлэл, танилцуулга, төсөл хэрэгжих бэлэн байдал, төслийн нийт өртөг, ашиглалтын хугацаа, хэрэгжүүлэх хуваарь;
21.2.2.б.төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, эрсдэлийн шинжилгээ, эрсдэлийг хуваарилах санал болон бусад бүх асуудлыг тусгасан түншлэлийн эх төсөл;
21.2.2.в.түншлэлийн төрөл, төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийн хуваарь, хэрэглэгчийн төлбөр, хураамжийн судалгаа, зардал, үр ашгийн тооцоолол, төслийн санхүүжилтийн мэдээлэл;
21.2.2.г.төслийн барилга байгууламж болон үйл ажиллагааны тодорхойлолт;
21.2.2.д.төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах төрийн байгууллага;
21.2.2.е.төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;
21.2.2.ё.нийгмийн хамгаалал, байгаль орчны нөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, цаг уурын эрсдэл болон сорилт, тэдгээрийг бууруулах арга хэмжээ;
21.2.2.ж.холбогдох бусад хүчин зүйл.
21.3.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн төслийн бүрэн шинжилгээ болон эрсдэлийн үнэлгээний тайланд үндэслэн тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэх саналыг Засгийн газрын шийдвэрийн төслийн хамт ажлын 15 өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн төслийн бүрэн шинжилгээний тайлан, дүгнэлт болон энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг ажлын 15 өдөрт багтаан түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгохдоо дараах тооцоо, судалгааг үндэслэл болгоно:
21.5.1.техник, эдийн засгийн үндэслэлээр батлагдсан ерөнхий нөхцөл, эрэлт, нийлүүлэлт, тариф, зах зээлийн хувьсагч үзүүлэлт, тэдгээрт хийгдсэн эрсдэлийн дүгнэлт; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.5.2.төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, төрөөс үзүүлэх дэмжлэгийн хүрээнд төсөвт тусгах урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, хөнгөлөлт, тэдгээрийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцсэн талаарх санал, дүгнэлт;
21.5.3.төрөөс үзүүлэх дэмжлэгийн хүрээнд төсөвт үзүүлэх болзошгүй өр төлбөрийн шинжилгээ, Засгийн газрын баталгаа гаргах төрөл хэлбэр, түүний Төсвийн тогтвортой байдлын тухай болон Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаарх санал, дүгнэлт.
21.6.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэн түншлэлийн төслийн саналыг ажлын 5 өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.7.Засгийн газар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлт гарсан, зөвшөөрөл олгогдсон төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэх шийдвэр гаргана. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.8.Түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.7-д заасны дагуу батлагдсан түншлэлийн төслийг зарлах, төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна.
21.9.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны хугацааг энэ хуулийн 7.2.2-т заасан сонгон шалгаруулалтын журмаар зохицуулна.
21.10.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээгээр тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжгүй болох нь тогтоогдсон бол төслийг төсөл санаачлагчид буцаах шийдвэр гаргана.