22 дугаар зүйл. Хувийн хэвшлээс түншлэлийн төсөл санаачлах

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Хувийн хэвшлээс түншлэлийн төсөл санаачлах

22.1.Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлээс санал гаргаж болох бөгөөд төслийн саналаа Түншлэлийн төвд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.2.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хувийн хэвшлээс гаргасан төслийн саналд урьдчилсан үнэлгээг хийж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.3.Хувийн хэвшлээс уг төсөлтэй холбогдуулан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төсөл хэрэгжүүлэх зарчим, технологийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, түүнд үндэслэн тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг тогтоох бүрэн шинжилгээг энэ хуулийн 20.2-т заасан төслийн баг хийнэ. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.4.Түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 22.3-т зааснаар төслийн саналыг үнэлэхдээ дараах асуудлыг судалж үзнэ:

22.4.1.төсөл санаачлагчийн оюуны өмч, бизнесийн нууц болон бусад тусгай эрхийг ашиглахгүйгээр үр дүнтэй хэрэгжих боломжтой төсөл эсэх;

22.4.2.төслийг хэрэгжүүлэхэд төсвөөс аливаа төлбөрийн болон болзошгүй төлбөрийн үүрэг, хариуцлага үүсэх эсэх;

22.4.3.төслийн технологийн шийдэл нь шинэлэг эсэх.

22.5.Хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг үнэлэхдээ төслийн саналтай холбоотой оюуны өмч, бизнесийн нууц болон төсөл санаачлагчийн ирүүлсэн мэдээллийг зөвхөн үнэлгээ хийх албан хэрэгцээнд ашиглана.

22.6.Төсөл санаачлагч хувийн хэвшил нь төслийн саналд бүрэн шинжилгээ хийхтэй холбогдсон зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

22.7.Хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналд энэ хуульд заасан шаардлага, нөхцөл, журам нэгэн адил үйлчилнэ.

22.8.Хувийн хэвшлээс санаачилсан төслийн бүрэн шинжилгээгээр түншлэлээр хэрэгжүүлэхэд ач холбогдолгүй, үр ашиггүй гэж үзсэн бол тухайн төслийн саналыг санал гаргасан этгээдэд буцаана.

22.9.Хувийн хэвшлийн санаачилсан төсөл нь түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой болох нь тогтоогдвол тухайн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.

22.10.Хувийн хэвшлийн төсөл санаачлагч этгээд сонгон шалгаруулалтын өрсөлдөөнд оролцохдоо бусад оролцогчийн нэгэн адил үнэлгээний шалгуурт хамаарах ба үнэлгээнд сонгон шалгаруулалтын журамд заасан давуу эрхийн оноог авах эрхтэй.

22.11.Сонгон шалгаруулалтын хугацаанд тодорхой санал ирээгүй тохиолдолд анх санал ирүүлсэн оролцогчтой хэлэлцээ хийх ба гэрээ байгуулах шийдвэрт хүрсэн тохиолдолд энэ хуульд зааснаар түншлэлийн гэрээ байгуулна.

22.12.Тухайн төсөл дэмжигдсэн эсэхээс үл хамааран энэ хуулийн 22.6-д заасан зардлыг буцаан олгохгүй.

ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ЗАРЛАХ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.