24 дугаар зүйл. Сонгон шалгаруулалт зарлах, олон нийтэд мэдээлэх
24.1.Энэ хуулийн 21.7-д заасан Засгийн газрын шийдвэрийн дагуу түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг /цаашид "ажлын хэсэг" гэх/-ийг тухай бүр байгуулах бөгөөд уг ажлын хэсэг түншлэлийн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалт зохион байгуулна.
24.2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хөндлөнгийн хараат бус гишүүн оруулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.3.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичгийг Засгийн газраас баталсан жишиг баримт бичиг, гэрээний загвар, сонгон шалгаруулалтын журам, аргачлалын дагуу боловсруулна.
24.4.Ажлын хэсэг төслийн сонгон шалгаруулалтын урилгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд байршуулах, сонгон шалгаруулалтын талаар танилцуулга хийх, уулзалт зохион байгуулах зэргээр олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй.
24.5.Сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа оролцогчид харилцан эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, мэдээллээр жигд хангах, шаардлага тавих, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод байх зарчмыг баримтална.
24.6.Хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээн авах, үнэлэх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ба ажлын хэсэг сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг ил тод, нээлттэй зарлах, саадгүй олгох, өрсөлдөөний тэнцвэрийг хангах зорилгоор мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
24.7.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын үр дүнг бусад оролцогчид болон олон нийтэд нээлттэй мэдээлж, танилцуулах үүрэгтэй бөгөөд сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангаж ажиллана.