26 дугаар зүйл. Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах шийдвэр гаргах
26.1.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 25.1-д заасан сонгон шалгаруулалтын үр дүнг тухай бүр бусад оролцогчид болон олон нийтэд нээлттэй мэдээлэх, танилцуулах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.2.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтаар энэ хуулийн 25.5-д заасны дагуу хамгийн сайн нөхцөлтэй төслийн саналаар шалгарсан оролцогчоос эхлүүлэн хэлэлцээг хийж, үнэлгээ өгнө. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.3.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хэлэлцээний үр дүнд гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохиролцсон нэг оролцогчтой түншлэлийн гэрээ байгуулах дүгнэлт гарган, ажлын 5 өдөрт багтаан дүгнэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
26.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сонгон шалгаруулалт, түншлэгчтэй хийсэн хэлэлцээний дүн, ажлын хэсгийн дүгнэлтийг төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн талаас хянаж, санал, дүгнэлтийг ажлын 10 өдөрт багтаан ирүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.5.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн гэрээ байгуулах тухай санал, дүгнэлтээ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт танилцуулан түншлэлийн гэрээ байгуулах эсэх шийдвэрийг гаргуулна. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./