27 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага

27.1.Хувийн хэвшлийн түншлэгчээр сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна:

27.1.1.төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавх, удирдлага, мэргэжлийн хүний нөөц, техник, технологийн чадвар, ажлын туршлагатай байх;

27.1.2.Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу энгийн болон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байх;

27.1.3.тухайн хуулийн этгээдийг татан буулгах, дампуурлыг зарлах үйл ажиллагаа эхлээгүй, эд хөрөнгийг нь битүүмжлээгүй, үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зогсоогоогүй байх;

27.1.4.сүүлийн 3 жилийн хугацаанд түншлэлийн гэрээг биелүүлээгүй тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байх;

27.1.5.хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан нь ял шийтгэлгүй, төрийн түншлэгч этгээдийн удирдах албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, эсхүл хамаарал бүхий этгээд биш, ашиг сонирхлын зөрчилгүй байх;

27.1.6.сонгон шалгаруулалтад оролцогч компанийн эцсийн өмчлөгч болон хараат, охин компани нь харилцан хамааралгүй байх;

27.1.7.сонгон шалгаруулалтад оролцогчид нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасны дагуу харилцан хамааралгүй байх.

27.2.Хувийн хэвшлийн түншлэгчээр оролцогч этгээдэд түншлэлийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 27.1-д зааснаас бусад тусгайлсан шаардлагыг сонгон шалгаруулалтын баримт бичгээр тогтоож болно.

27.3.Хувийн хэвшлийн түншлэгчээр оролцогч энэ хуульд заасан шаардлагыг хангасан талаарх мэдээллийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу бүрдүүлнэ.

27.4.Хувийн хэвшлийн түншлэгчээр оролцогч этгээд сонгон шалгаруулалтад оролцохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь шүүхээр тогтоогдсон бол шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш 5 жилийн хугацаанд түншлэлийн төсөл, үйл ажиллагаанд оролцох эрхгүй байна.

27.5.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ хуулийн 27.4-т заасан эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, байгууллагын цахим санд олон нийтэд нээлттэй байршуулна. Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./

27.6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд тухайн этгээдийг түншлэлд оролцуулахгүй.

ТҮНШЛЭГЧ ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРЭГ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА, ТҮНШЛЭЛИЙН БАТАЛГАА, ДЭМЖЛЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.